Tuesday, November 29, 2011

Цахирмаа хүний энергийг сордог гэдэг


Байгалийн түүхийн музейд “Өнгө тансаг, үнэр ялдам цэцгийн ертөнц” цогцолжээ. МУИС-ийн Биологийн сургууль, Экологийн боловсролын төв, “Цэцэг сонирхогчдын клуб” хамтран ийм нэртэй үзэсгэлэнг найм дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх “Өнгө тансаг, үнэр ялдам цэцгийн ертөнц”-д саатсан хэн боловч энэ удаа 60 гаруй овгийн 80-аад төрлийн 250 орчим зүйлийн тасалгааны олон наст цэцэгнээс өөрт таалагдсаныг худалдан авахын хамт ургуулах, арчлах, үр, үрсэлгээ, бордоо тэжээлийн талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсох боломжтой.

“Цэцэг болгон өөр өөрийн өнгө, үнэртэй. Энд тавигдсан цэцгүүд гэхэд өөр хоорондоо адилгүй. Навчаараа, эсвэл цэцгээрээ гоёдог, өвөрмөц содон байхаас гадна кактус, цахирмаагийн төрлийн ховор олон цэцэг байна. Бас орой болохоор дэлбээгээ хумиад унтдаг ч бий” гэж цэцэг бүрийг тун сонирхолтойгоор тайлбарлаж буй нэгэн эмэгтэйтэй уулзсан юм. Түүнийг Ц.Оюунцэцэг гэдэг. МУИС-ийн Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн. Цэцгээр “өвчилсөн” түүнтэй ярилцлаа.

-Цэцгийг яаж арчилбал урт наслах вэ?
-Цэцэгний нас арчилгаанаас хамаарна. Хачин гоё ургасан цэцэг авч явчихаад нэг хоёр cap болоод үхчихлээ гээд ирдэг хүмүүс байдаг юм. Энэ нь арчилгаа муутай байснаас болдог. Үүний тулд нэгдүгээрт усалгааг нь тохируулах хэрэгтэй. Өвөл цэцэг тайван байдалд ордог тул тэгтэл их ус шаардаад байхгүй. Хөрс нь хуурай болсон эсэхийг үзэж байгаад долоо хоногтоо нэгээс хоёр удаа услахад хангалттай. Харин зуны улиралд хөрс нь амархан хатдаг учраас өдөр бүр услах шаардлагатай болно.

Ер нь аль ч үед хөрс нь чийгтэй байхад услахыг хориглодог. Чийг нь ихдэхээр үндэс ялзарна. Хүмүүсийн гол алдаа усалгаагаа тохируулж чаддаггүйд байдаг. Нэг бол хэт ихдүүлэх, эсвэл хатаагаад цэцгээ үхүүлчихдэг. Мөн хөрсний өнгөн хэсгийг долоо хоногт нэг удаа сийрэгжүүлэх хэрэгтэй. Ургамал навчаараа амьсгалдаг учраас 7-14 хоногт байнга зөөлөн алчуураар тоосыг нь арчиж байх ёстой. Бордох хэрэгтэй. Хавраас намар хүртэл 14-21 хоногт нэг удаа төрөл бүрийн эрдэс бордоо, органик гаралтай бууцны уусмалаар бордож байвал цэцэг сайхан ургана.

-Тасалгааны цэцгүүдээс арчилгаа хамгийн бага шаарддаг нь ямар цэцэг вэ?
-Кактус л хамгийн арчилгаа багатай нь даа. Усалгаа бага шаардана. Арав хоногтоо нэг удаа услахад хангалттай. Бага зэргийн чийг өгөөд байхад л ургаад байна.

-Тэгвэл хамгийн хурдан ургадаг нь?
-Төрөл бүрийн халгай. Дорхноо л өндөр ургачихдаг юм.

-Гэрт байхад сайн, зөв энерги ялгаруулдаг цэцэг гэж байх уу?
-Баш ногоодойг хүмүүс үзэмж муутай гээд тоодоггүй ч агаарыг сайн цэвэршүүлдэг. Олон хүнтэй албан газарт хамгийн хэрэгтэй цэцэг байгаа юм. Мөн шимтгэлээ маш энерги өгдөг. Айлд байхад ээлтэй. Харин цахирмааг хүний энергийг сордог муу гэж ярьдаг юм.

-Хүний эрүүл мэндэд муу цэцэг гэж байх уу?
-Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг цэцэг гэж байдаггүй. Бүгд л бидний хүрээлэн байгаа орчны агаарыг цэвэршүүлдэг. Цэцэг хүнд маш их энерги өгч байдаг болохоор бүгд эрүүл мэндэд тустай. Гаатай цэцэгнүүд зүрхэнд сайн. Цэцэг өдөр нь хүчилтөрөгч, шөнө нь нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг. Гэхдээ 600 ширхэг цэцэг нийлж байж нэг хүний амьсгалаас ялгарсантай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийг шөнийн цагт гадагшлуулдаг. Цэцэг мөн орчны дуу чимээг багасгадаг юм шүү дээ. Ямар ч тавилгагүй хоосон өрөөнд яриа цуурайтаж сонссогддог. Тэгвэл энд хоёр гурван ширхэг савтай цэцэг авчраад тавьчихад цуурайтахаа больчихдог юм.

-Цэцгийн тухай мэдлэг, мэдээлэл авъя гэсэн хүмүүс хаана хандвал болохыг та хэлж өгөөч?
-Манай Экологийн боловсролын төвд хандаж болно. Манайх цэцэг тарих, ургуулах сонирхолтой хүмүүст зориулаад цэцэг худалдахаас гадна байнгын үнэгүй зөвлөгөө өгдөг. Бас хавар гуравдугаар сард долоо, 14 хоногийн сургалт явуулдаг.

-Хүүхдүүдэд цэцэгний тухай ойлголтыг багаас нь өгөх хэрэгтэй санагддаг. Тэдэнд зориулсан сургалт явуулдаг уу?
-Манайхаас ирэх сарын 1-нээс эхлээд ерөнхий боловсролын сургуулиудад богиносгосон хөтөлбөрөөр цэцгийн дугуйлан хичээллүүлэхээр болсон.

“Өнгө тансаг, үнэр ялдам цэцгийн ертөнц”-өөс цэцэг худалдан авах бол жижиг, залуу, үрслүүлсэн цэцэг хамгийн хямд байна билээ. Харин өндөр ургасан, гоёмсгийг авна гэвэл үнэ нь дунджаар 10 орчим мянга төгрөг гэсэн. Сонголт арвин, бас яаж арчилж ургуулах зөвлөгөөг мэргэжилтнүүд цаг хайрлахгүй харамгүй өгч байгаа дээр нь Байгалийн түүхийн музейг зориорой, нийслэлчүүдээ.

No comments:

Post a Comment